Хөдөө аж ахуйн их сургууль
ХААИС-ийн захирлын 2014 оны  
.... сарын ....-ны өдрийн хурлын … тоот
тушаалын хоёрдугаар хавсралт
 
 ХААИС-ийн профессор, дэд профессор
 цол олгох журам
 
Нэг.Ерөнхий зүйл
 
        1.1.  Энэхүү журмыг “ХААИС-ийн профессор, дэд профессор” (цаашид   профессор, дэд профессор гэх)  цол олгоход баримтална.
       1.2. Уг журмыг БСШУ-ны сайдын 2003 оны 87 тоот тушаалаар батлагдсан “Профессор, дэд профессор цол олгох” үлгэрчилсэн журам, их сургуулийн профессор багш, судлаачдын ажлыг үнэлэхтэй холбоотой бусад хууль, эрх зүйн актуудыг үндэс болгон боловсруулав.
      1.3. Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад тогтвор суурьшилтай ажилласан, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа хөгжлийн ажлын туршлагатай, судлаачдын залуу халааг бэлтгэхэд хүч, оюунаа дайчлан үр бүтээлтэй ажилласан байдлыг харгалзан эрдмийн цолыг олгоно.
 
Хоёр. Цол олгох шалгуур үзүүлэлт

          2.1. Дэд профессор цолд нэр дэвшигч дор дурьдсан шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан байна. Үүнд:
          2.1.1. Боловсролын доктор (Ph.D)-ын  зэрэгтэй байх;
          2.1.2. Дээд боловсролын байгууллагад багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг 10-аас доошгүй жил тасралтгүй хийж гүйцэтгэсэн, үүнээс 5-аас доошгүй жил дээд боловсролын сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байх;
          2.1.3. Их, дээд сургуульд зориулсан 2-оос доошгүй сурах бичиг, ном (сурах бичиг заавал туурвисан байна), сургалт, судалгаа, мэдээлэл, зөвлөмжийн чанартай гарын авлага, товхимол 3-аас доошгүйг боловсруулж хэвлүүлэн сургалт, судалгааны ажилд нэвтрүүлсэн байх;
          2.1.4. Эрдэм шинжилгээний өгүүлэл 20-оос доошгүйг нийтлүүлсэн, үүний 10-аас доошгүйг эрдмийн зэрэг хамгаалснаас хойш, 1-ээс доошгүйг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний хэвлэл /импакт фактор бүхий сэтгүүл/-д нийтлүүлсэн байх;
          2.1.5. Өөрийн мэргэжил, мэргэшлийн дагуу магистрын 5-аас доошгүй ажил удирдаж хамгаалуулсан байх;
          2.1.6. Докторын зэрэг хамгаалснаас хойш эрдэм шинжилгээний бага хурал, семинарт 5-аас доошгүй аман илтгэл тавьж хэлэлцүүлсэн байх (үүнээс 3-ыг гадаадад буюу дотоодод зохиогдсон олон улсын бага хурал, семинарт хэлэлцүүлсэн байх);
         2.1.7. Патент, ашигтай загварын гэрчилгээ 2-аас доошгүйг авсан, үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн байх;
         2.1.8. Дээд боловсролын байгууллагын профессор, дэд профессорын эсвэл удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх;
         2.2. Профессор цолд нэр дэвшигч дор дурьдсан шаардлага шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:
         2.2.1. Шинжлэх ухааны доктор (Sc.D) эсвэл боловсролын доктор (Ph.D)-ын зэрэгтэй байх;
         2.2.2. Дээд боловсролын байгууллагад багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан, үүнээс 8-аас доошгүй жил дээд боловсролын сургалтын үйл ажиллагаанд биечлэн оролцсон байх;
         2.2.3. Дэд профессор цол хүртээд 2-оос доошгүй жил болсон байх;
         2.2.4. Их, дээд сургуульд зориулсан ном, сурах бичиг 3, гарын авлага, эрдэм шинжилгээний хялбаршуулсан товхимол 5-аас доошгүйг бичиж хэвлүүлэн сургалт, судалгааны ажилд нэвтрүүлсэн байх;
          2.2.5. Эрдэм шинжилгээний өгүүлэл 30-аас доошгүйг нийтлүүлсэн, үүний 15-аас доошгүйг эрдмийн зэрэг, цол хүртсэнээс хойш, 2-аас доошгүйг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний хэвлэл /импакт фактор бүхий сэтгүүл/-д нийтлүүлсэн байх;
          2.2.6. Өөрийн мэргэжил, мэргэшлийн дагуу 2-оос доошгүй боловсролын доктор (Ph.D)-ын судалгааны ажлыг удирдан хамгаалуулсан, эсвэл 1-ээс доошгүй шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын судалгааны ажлын зөвлөхөөр ажиллаж, эрдмийн зэрэг хамгаалуулсан байх;
          2.2.7. Эрдэм шинжилгээний төслийн тайлан, патент, шинэ бүтээл, ашигтай загварын гэрчилгээ 4-өөс доошгүйг авсан, үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн байх;
          2.2.8. Дээд боловсролын байгууллагын профессорын болон удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх;
          2.2.9. Дотоод, гадаадын шинжлэх ухаан, технологийн төслийн удирдагчаар ажиллаж, үр дүнг тайлангаар хүлээлгэн өгсөн байх;
 
  Гурав. Нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх материал
 
         3.1. Профессор, дэд профессор цол олгуулахаар нэр дэвшүүлэхэд дараах баримт материалыг бүрдүүлнэ. Үүнд:
         3.1.1. Нэр дэвшүүлсэн байгууллагын Эрдмийн зөвлөлийн тодорхойлолт;
Тодорхойлолтыг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, хурлын баталгаажсан тэмдэглэлийн хамт ирүүлнэ. Тодорхойлолтод дараах зүйлсийг зайлшгүй тусгасан байна. Үүнд:
  • Нэр дэвшигчийн тухайн үед ажиллаж байгаа албан тушаал, уг албан тушаалд тасралтгүй ажилласан байдал, эрдмийн зэргийг хаана хэдэн онд хамгаалсан, ажилласан жил, туурвисан бүтээлийн онол практикийн ач холбогдол;
  • Хэвлүүлсэн бүтээлээс онц ач холбогдолтой 2-3 ажлын талаар дурдсан байх;
  • Нэр дэвшигчийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын ур чадвар, мэргэжлийн үйл ажиллагаа (сэтгүүлийн редакцийн зөвлөл, эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл, мэргэжлийн холбоо, эрдмийн зөвлөл зэрэгт хэрхэн оролцдог талаар), нэр дэвшүүлж буй үндэслэл;
         3.1.2. Нэр дэвшигчийн товч намтар (Анкет);
         3.1.3. Бүтээлийн жагсаалт;
       Бүтээлийн жагсаалтыг хавсралтын дагуу оны дарааллаар ажлын төрөл, хэлбэр (ном, сурах бичиг, өгүүлэл, авсан патент гэрчилгээний нэр, дугаар, он гэх мэт) бүтээлийн нэр, хаана хэзээ нийтлүүлсэн, хуудасны дугаар, хамтран зохиогч зэргийг заах ба бүтээлийн жагсаалтын үнэн бодит байдлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга хариуцна.
         3.1.4. Нэр дэвшигчийн өмнө нь хүртсэн эрдмийн зэрэг, цолны дипломын хуулбар;
         3.1.5. Дэд профессор цолд нэр дэвшигчийн тухайд удирдагчаар ажиллаж хамгаалуулсан магистрын нэрс, тэдгээрийн төгсөлтийн ажлын сэдэв, хамгаалсан газар, он зэргийг бичиж, Магистр, докторын сургуулиар баталгаажуулна.
         3.1.6. Профессор цолд нэр дэвшигчийн тухайд удирдагч эсвэл зөвлөхөөр ажиллаж хамгаалуулсан доктор (Ph.D, Sc.D)-ын нэрс, тэдгээрийн диссертацийн сэдэв, хамгаалсан газар, он зэргийг тодорхой тусгаж Магистр, докторын сургууль болон Шинжлэх ухааны академиэр баталгаажуулна.
         3.1.7. Уг журмын 2.1 ба 2.2 дахь хэсэгт заасан болзолын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангасан байдлыг үзүүлэлт тус бүрээр хүснэгтлэн хавсаргасан байна.
         3.2. Профессор, дэд профессорын цолны болзлыг биелүүлсэн гэж үзсэн багш, судлаачийг тухайн нэгж байгууллагын Эрдмийн зөвлөлөөс нэрийг дэвшүүлэн бичиг баримтыг журмын дагуу бүрдүүлэн ХААИС-ийн Эрдмийн зөвлөл (эрдэмтэн нарийн бичгийн дарга)-д Эрдмийн зөвлөлийн хуралдаан болохоос 14 хоногийн өмнө ирүүлсэн байна.
         3.3. Нэр дэвшигчийн болзлын шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг Эрдмийн зөвлөлийн даргын томилсон ажлын хэсэг хянан магадлах ажилыг хийж гүйцэтгэнэ.
         3.4. Бүтээлд магадлан шинжилгээ хийхдээ энэхүү журмын 2.1 ба 2.2-д заасан үзүүлэлтүүдийн биелэлтийг нотлох баримтаар баталгаажуулан үнэлнэ.

Дөрөв. Профессор, дэд профессор цол олгох
 
      4.1. Профессор, дэд профессорын цолд нэр дэвшигчийн материалд хянан магадлагаа хийсэн ажлын хэсэг дүнг Эрдмийн зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
      4.2. Профессор, дэд профессор цол олгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 75 хувиас дээш саналаар цол олгоно.
      4.3. ХААИС-ийн эрдмийн зөвлөлөөр цол олгохоор шийдвэрлэсэн хүнд БШУЯ-ны нэгдсэн дугаар бүхий тус яамнаас баталсан загварын үнэмлэх олгоно.
      4.4. Профессор, дэд профессорын цолны нэмэгдэл урамшууллыг тухайн байгууллага холбогдох эрх зүйн актад заасны дагуу олгоно.
      4.5. Профессор, дэд профессор цол олгосон тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
 
Тав. Бусад
 
    5.1. Профессор, дэд профессор цол олгохтой холбогдсон гомдлыг Эрдмийн зөвлөл (эрдэмтэн нарийн бичгийн дарга) хүлээн авч, зөвлөлийн даргын шийдвэрээр комисс томилон нэг сарын дотор нягтлуулж, дүнг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
      5.2. Профессор, дэд профессор цол хүртэхээр нэр дэвшигчид хуурамч материал бүрдүүлсэн нь нотлогдвол 3 жилийн дотор дахин авч хэлэлцэхгүй.
 
 
--- оо  ---
 
 
 
Мал  аж ахуй, биотехнологийн шинжлэх ухааны
 эрдмийн зөвлөлийн 2014 оны   сарын   өдрийн
хурлаар хэлэлцэж батлав. Протокол №
 
 
МАЛ  АЖ АХУЙ, БИОТЕХНОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ
 ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1 Энэхүү журмын зорилго нь Мал  аж ахуй, биотехнологийн шинжлэх ухааны эрдмийн зөвлөлийн (цаашид эрдмийн зөвлөл) үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2 Эрдмийн зөвлөл нь үйл ажиллагаандаа шинжлэх ухаан, технологи, инноваци, судалгаа хөгжлийн болон дээд боловсролын талаар гаргасан Монгол Улсын эрх зүйн баримт бичиг, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөл болон ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн дүрэм, холбогдох дүрэм, журмыг удирдлага болгон ажиллана.
1.3 Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн сургууль болон салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн саналыг үндэслэн ХААИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.
1.4 Эрдмийн зөвлөлийг тухайн сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж буй эрдмийн ажлын дадлага туршлагатай, салбартаа нэр хүндтэй, шинжлэх ухаан, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан эрдмийн зэрэг, цолтой профессор, багш, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан, нэр хүндтэй эрдэмтдээс бүрдүүлэх ба  гишүүдийн тоо 21-ээс хэтрэхгүй байна.
 
Хоёр. Эрдмийн зөвлөлийн эрх, үүрэг
 
2.1. Эрдмийн зөвлөл нь дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд:
2.1.1. Салбар шинжлэх ухааны эрдэмтэд, профессор, багш, судлаачдын нэрийг дотоод, гадаадын шинжлэх ухааны  байгууллагын гишүүнчлэлд нэр дэвшүүлэх;
2.1.2. Холбогдох журмын дагуу салбарын эрдэмтэд, судлаачдын нэрийг профессор, дэд профессор, хүндэт профессор болон доктор цолонд тодорхойлж, нэр дэвшүүлэх;
2.1.3. Профессор, багш, судлаачдын туурвисан эрдэм шинжилгээний бүтээл, туурвилыг төрийн болон бусад шагнал, урамшуулалд тодорхойлох, нэр дэвшүүлэх;
2.1.4. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж, дүгнэлт гарган холбогдох байгууллагад уламжлах;
2.1.5. Тухайн салбар шинжлэх ухааны бүтээлд хянан магадлагаа хийх, дүгнэлт гаргах;
2.1.6. Докторын судалгааны ажлын  арга зүйг хэлэлцэж батлах, боловсролын зэрэг горилох бүтээлийг хэлэлцэж шийдвэр гаргах.
 
2.2. Эрдмийн зөвлөл дараах үүрэгтэй байна.
2.2.1. Тухайн бүрэлдэхүүний сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл бизнесийн үйл ажиллагааны бодлого, баримтлах чиглэлийг тодорхойлох асуудлыг боловсруулах, хэлэлцүүлж шийдвэр гаргах;
2.2.2. Бүрэлдэхүүний сургуулийн болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам боловсруулж хэлэлцүүлэх, бүтэц, зохион байгуулалтын талаар асуудал хэлэлцүүлж шийдвэр гаргах;
2.2.3. Бүрэлдэхүүний сургуулийн болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор, багш, судлаачдын оролцоотой хэрэгжүүлэх дотоод, гадаадын шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгаа хөгжлийн ажил, бизнесийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх гэрээт ажлын санал дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
2.2.4. Бүрэлдэхүүний сургуулийн болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хэмжээнд хэрэгжүүлэх дотоод, гадаадын төсөл, судалгааны ажлын арга зүй, тайланг цаг тухайд хэлэлцэж, дүгнэлт, шийдвэр гаргах, холбогдох зохицуулалт хийх, туршилт судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд шилжүүлэх, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэл-бизнесийн уялдааг хангах;
2.2.5. Салбарын чиглэлээр бэлтгэх мэргэжилтний эрэлт, хэрэгцээний судалгаанд тулгуурлан, мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө бусад холбогдох баримт бичгийг тогтмол сайжруулж, хэлэлцэж, шийдвэр гаргах;
2.2.6. Магистр, докторын туршилт, судалгааны ажлын онол, арга зүйн төвшин, чанарыг сайжруулах, сургалтыг өргөжүүлэх талаар анхаарал тавьж ажиллах;
2.2.7. Салбарын эрдэм шинжилгээ, туршилтын материаллаг баазыг бэхжүүлэх, чадварлаг судлаачид, профессор багш нарын залуу халааг бэлтгэх талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлж ажиллах.
 
Гурав. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа
 
3.1. Эрдмийн зөвлөлийн дээр дурдсан эрх, үүргээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь бүх гишүүдийн хуралдаан бөгөөд хуралдаанаар асуудлыг нээлттэй хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргах ба Эрдмийн зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга зарлан зохион байгуулах ба түүний эзгүйд хуралдааныг орлогч дарга удирдан явуулна.
3.2. Эрдмийн зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга эсвэл эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал хариуцан ажиллах ба шаардлагатай тохиолдолд асуудлыг хянан магадлах ажлын хэсэг томилон ажиллуулж болно.
3.3. Эрдмийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагаанд зөвлөлийн дарга хяналт тавьж ажиллах ба өдөр тутмын үйл ажиллагааг эрдэмтэн нарийн бичгийн дарга эсвэл эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал хэрэгжүүлж ажиллана.
3.4. Эрдмийн зөвлөлийн бүх гишүүдийн хуралдааныг 75-аас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд хүчинтэйд тооцно. Эрдмийн зөвлөлийн хуралдааныг хэлэлцэж буй асуудлын агуулгаас хамаарч өргөтгөсөн байдлаар зохион байгуулж болох ба энэ тохиолдолд зөвхөн Эрдмийн зөвлөлийн гишүүд таслах эрхтэй оролцоно.
3.5. Эрдмийн зөвлөл хэлэлцсэн асуудлаар тогтоол, тэмдэглэл гаргах бөгөөд дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарын гарын үсгээр баталгаажина. Эрдмийн зөвлөл хэвлэмэл, албан маягт ашиглах ба тусгай тэмдэг хэрэглэнэ.
3.6. Эрдмийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагаа, бүх гишүүдийн хуралдааныг зохион байгуулахтай холбогдсон зардлыг тухайн байгууллагын эрдэм шинжилгээний ажлын зардлын нэгдсэн төсөвт тусгуулж баталгаажуулна.
 
Дөрөв. Эрдмийн зөвлөлд асуудал хэлэлцүүлэх зарчим
 
4.1. Эрдмийн зөвлөлийн бүх гишүүдийн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх асуудлыг урьдчилан сайтар боловсруулж, холбогдох тэнхим нэгж, профессорын баг, эрдэм шинжилгээний ажилтан, профессор багш нараас санал авсан байна.
4.2. Эрдмийн зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх материалыг холбогдох журмын дагуу бүрдүүлэх асуудлыг эрдэмтэн нарийн бичгийн дарга эсвэл эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал хариуцах ба шаардлагатай тохиолдолд асуудал оруулж буй хүмүүсээс нэмэлт материал, тодруулга шаардаж гаргуулах эрхтэй байна.
4.3. Эрдмийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр ирүүлсэн материалыг эрдэмтэн нарийн бичгийн дарга эсвэл эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал хянан магадлаж, эрдмийн зөвлөлийн дарга, орлогч дарга нарт урьдчилан танилцуулж, хэлэлцэх асуудалд оруулах эсэх талаар шийдвэр гаргана.
4.4. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр урьдчилан төлөвлөсөн асуудлын танилцуулга, хуралдааны дэг, холбогдох  материалыг хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд тарааж урьдчилан танилцуулсан байна
4.5. Эрдмийн зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудал, холбогдох материалтай урьдчилан танилцаж, санал, дүгнэлтээ бэлтгэсэн байна.
 
 
 
--- оо  ---
 
 
 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn